Баячууд заавал сайн боловсрол эзэмшдэг гэж үнэн болов уу? Эсвэл тэд баяжихад хамаг цагаа зарцуулж, сурахад цаг зав гаргадаггүй юм болов уу?
Дэлхийн олон орны тэрбумтнуудаас авсан судалгаагаар баячуудын гуравны нэг нь дээд боловсрол эзэмшжээ. Их Британид гэхэд л тэрбумтнуудын 80% нь их дээд сургуульд суралцаж байсан гэнэ.
Манай гаригийн хамгийн баян хүмүүсийн судалгааг UBS банк болон Сингапурын Wealth-X компани хамтран явуулжээ. Тэдний энэ судалгаанд 2300 тэрбумтан хамрагдсан байв. Харин судалгааны дүнгээс харахад бүгдийг өөрсдөө л сурчихсан, бүх зүйлд өөрөө хүрсэн гэдэг алдартай хүмүүсийн тухай түгээмэл ойлголт өөрчлөгдсөн байна.
Түүнээс гадна нэн баян хүмүүсийн ихэнх нь дээд боловсрол эзэмшсэн бол тэдний дөрөвний нэг нь дэд эрдэмтний зэрэг хамгаалж, харин арван хүн тутмын нэг нь докторын зэрэг хамгаалжээ. Мөн судалгааны дүнгээс харахад тэрбумтнууд нэр хүнд бүхий их сургуулиудад суралцаж төгссөн байна. Харин тэрбумтнуудыг “төрүүлдэг” гэх хамгийн алдартай 20 сургуулийн 16 нь АНУ-д байрлалтай хэмээн судалгаа явуулсан газрууд тодотгоод нэр хүнд бүхий сургуулиудын жагсаалтыг гаргажээ.
Элит сургуулиуд
Элит сургуулиудын жагсаалтын эхний байранд Пенсильваны их сургууль, харин араас нь Харвард, Йель, Өмнөд Калифорнийн их сургууль, Пристонийн, Корнеллийн, Стэнфордын их сургуулиуд оржээ. Ихэнх тэрбумтнууд санхүүгийн салбарт тэр дундаа банкны ажиллагаа, хөрөнгө оруулалтын чиглэлд амжилтанд хүрсэн байна. Энэ жагсаалтанд Мумбайн их сургууль орсон нь Энэтхэгийн эдийн засгийн хөгжил хурдацтай байгааг илтгэж байгаа бол Британиас ганцхан сургууль багтсан нь Оксфорд, Кембрижийн аль нь ч биш харин Лондонгийн эдийн засгийн сургууль байжээ. Харин Оросын олигархиудын ачаар Москвагийн их сургууль жагсаалтын 11-д бичигдсэн байна.
Өөр өнгө төрх
Жагсаалтанд Америкийн сургуулиуд давамгайлж байгаа нь нэн баян хүмүүсийн ихэнх нь америкчууд байдаг гэсэн үг биш. АНУ-д дээд боловсрол эзэмшсэн тэрбумтнуудын дөрөвний нэг нь өөр орноос ирж суралцсан хүмүүс байжээ. Түүнчлэн судалгаанаас харахад баячууд төгссөнийхөө дараа ч боловсролын салбарыг анхаардаг нь ажиглагдсан байна. Тэрбумтнуудын талаас илүү хувь нь сайн үйлсэд мөнгө зарцуулдаг, ялангуяа боловсролд ихээхэн хөрөнгө оруулдаг, тэр дундаа дээд боловсролд гар татдаггүй болох нь судалгаагаар тогтоогдсон байна.
Мөн Европын тэрбумтнуудын 40 % нь ердөө 10 хотод амьдардгийн дээр Москва болон Лондон хот нэн баян хүмүүсийнхээ тоогоор бусдаас давамгайлж байгаа гэнэ. Харин баячуудынхаа тоогоор Нью-Йорк хот тэрбумтнуудын нийслэл гэсэн алдар хүртжээ.
Судалгаанаас мөн л сонирхолтой зүйл ажиглагдсан байна. Жишээлэхэд Нигери улсад сурах бололцоогоор хангагдаж чадаагүй хүүхдүүдийн тоо хамгийн их байдгийн дээр энэ улс Африкдаа хамгийн их тэрбумтантай гэнэ.
Тэрбумтнуудын суралцаж байсан сургуулиуд:
- Пенсильваны их сургууль
- Харвардын их сургууль
- Йелийн их сургууль
- Өмнөд Калифорнийн их сургууль
- Принстоны их сургууль
- Корнеллийн их сургууль
- Стэнфордын их сургууль
- Беркли дэх Калифорнийн их сургууль
- Мумбайн их сургууль
- Лондонгийн эдийн засгийн сургууль
- Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль
- Техасын их сургууль
- Дартмутын коллеж
- Мичиганы их сургууль
- Нью-Йоркийн их сургууль
- Дьюкийн их сургууль
- Колумбийн их сургууль
- Брауны их сургууль

0 comments:
Post a Comment