1989 онд Стевен Ковей “Өндөр бүтээмжтэй хүний долоон дадал” хэмээх алдарт номоо хэвлүүлж, дэлхийн өнцөг булан бүрт энэ номыг уншиж, өөрт энэхүү долоон дадлыг бий болгоцгоож байсан билээ.Гэхдээ удирдагч байна гэдэг бол дан ганц юу хийх ёстойгоо мэдэж байна гэсэн үг биш юм. Юу хийж болохгүй вэ гэдгээ ч мэдэж байвал зохино. Тэгвэл удирдагч хүн юуг хийж болохгүй вэ гэсэн асуулт гарч ирнэ.
Ингээд та бүхэнд Өндөр “бүтээмжгүй” удирдагчийн долоон дадлыг Жон Зенгер, Жое Фолкман нар танилцуулж байна. Доор дурдсан долоон дадал танд байгаа юм биш биз?
Өндөр "БҮТЭЭМЖГҮЙ" удирдагч нь:
1. Бусдыг удирдан хөгжүүлж чаддаггүй
Бүтээмжгүй удирдагчид зөвхөн өөрийнхөө л хийж буй ажилд бүх анхаарлаа төвлөрүүлж, дууссан эсэхэд нь санаа тавьж байдаг. Харин тэд өрсөлдөөний үед багаар ажиллаж байгаа хүмүүст санаа тавьж, тэднийг удирдан зохион байгуулах чадваргүй байдаг.
2. Муу гүйцэтгэлийн загвар болдог
Бүтээмжгүй удирдагчид нэг зүйл хэлчихээд түүнээсээ өөр зүйлийг хийгээд явчихдаг хэвшил тогтсон байдаг. Тэд өөрт таарсан нэг дүрэм журамтай, ажиллагсадаа таарсан нэг дүрэмтэй байхыг хүсдэг. Түүний дараа л өөрсдийгөө удирдагч болчихлоо гэж эндүүрнэ. Гэхдээ энэ нь тэдний бодож байгаагаас ч илүү үр дагавартай байдаг. Хэрэв удирдах л гэж байгаа бол хэлсэн зүйлээ хийчихээд дараагийнх руу шилжиж бай.
3. Стратеги төлөвлөлтийн дутагдал
Бүтээмжгүй удирдагчид зөвхөн өнөө маргаашдаа тохиолдож байгаа асуудал, дадал зуршлаа хөгжүүлэхэд л анхаардаг. Харин гурваас таван жилийн цаадахыг харж, ерөнхий дүр зургийг нь төлөвлөж чаддаггүй. Өнөө маргаашийн таатай байдалд сэтгэл ханах юм бол харалган байдлаа засаж чадахгүй. Эдгээр ойрыг харж байгаа шалтгаанууд нь ажиллагсад өнөө маргаашийнхаа үүрэгт ажилд л анхаарлаа хандуулж, байгууллагын зорилго, алсын харааг үл тоох нөхцлийг бүрдүүлж байдаг.
4. Багаар ажиллахаас илүү толгой даан ажиллах дуртай
Бүтээмжгүй удирдагчид толгой даан ажиллах дуртай байдаг. Энэ нь бусадтайгаа хамтран ажиллахад хүчин чармайлт гаргадаггүй гэсэн үг. Тэд зөвхөн өөрийн орон зайд л тааламжтай байж, тэндээ л “амьдардаг”. Яг үнэндээ ийм байдал нь байгууллагаа хэвтээ чиглэлд харж, дүгнэх боломжгүй болгодог аюултай.
5. Өсөлт дэвшилд садаа болдог
Бүтээмжгүй удирдагчийн хамгийн муу хоёр чанар бол дээрэлхүү байдал, их зан байдаг. Ийм удирдагчид нь хувь хүний хөгжлийг үгүйсгэх дадалтай болсон байдаг нь маш муу юм. Тэд бусдыг төгс байхыг шаарддаг ч хэзээ ч удирдагч болохыг нь хүлээн зөвшөөрөхгүй. Үүнээс ч муу нь тэдэнд ажиллагсадын өөрийгөө хөгжүүлж буй арга барил, өсөлт дэвшил, зорилгодоо хүрсэн эсэх огт хамаагүй бөгөөд зөвхөн өөрийнх нь дор дуулгавартай ажиллаж байгаа эсэх нь л чухал байдаг.
6. Харилцаа холбоо муутай
Бүтээмжгүй удирдагчид дотоод холбоо харилцаа муутай, асуудлын мөн чанарыг ойлгох чадваргүй байдаг. Нэмж хэлэхэд тэд үүнийгээ өөр нэгэн чадвартай нэгэнд даатгаж орхих нь бий. Тэд үүндээ цаг гаргаж чаддаггүй бөгөөд бизнесээ өргөжүүлэх тал дээр бусадтай холбоо тогтоох чадваргүй байдаг. Энэ үедээ тэд ихэвчлэн ганц сувгаар харилцдаг. Гэхдээ энэ суваг нь хэтэрхий нэг талыг барьсан тул хяналтын систем ажиллах боломжгүй болгодог.
7. Бусдыгаа урамшуулж, зоригжуулдаггүй
Бүтээмжгүй удирдагчийн гаргадаг хамгийн том алдаа бол удирдлагадаа ажиллаж буй хүмүүсийг мотивацижуулах чадваргүй байдаг. Ихэнх удирдагчид үр дүнд хүрэхийн тулд багаа хэрхэн зааварчлахаа мэддэг ч гэсэн маш цөөн хувь нь тэднийг хэрхэн хөдөлгөж чадах вэ гэдгийг мэддэггүй. Ийм дадалтай удирдагчид багаа зөвхөн үүрэг даалгавар өгч хөдөлгөж чадахаас биш урамшуулж, босгож ирдэггүй бөгөөд ерөнхийдөө дарангуйлах хэлбэрээр удирдаж байдаг.
Энэ нь ямар ч идэвхгүй үлбэгэр байдлыг бий болгоно. Бусдыг урамшуулах, зоригжуулах нь бүтээмжгүй удирдагчийн хувьд хамгийн хэцүү зүйл байдаг билээ.
0 comments:
Post a Comment