
Өмнөх өгүүлэлдээ бид Австралийн тэрбумтан Жин Райнхарт дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэгд тооцогдох тухай ярилцсан. (Энд дарж эхний хэсгийг уншина уу) Тэгвэл тун ч удахгүй энэ жагсаалтын тэргүүнд бичигдэж магадгүй. Сонирхолтой нь Райнхарт олонх баячууд шиг олон нийтэд таалагдахыг оролддоггүй. Аливаа зүйлд болон бизнесийн ажил үйлстээ ч хувийн амьдралдаа ч хатуу хандаж бусад хүмүүст гаднаасаа ямар харагдах бол гэж санаа тавьдаггүй хүн. Түүнийг ихэнх ажилтнууд нь үзэн ядаж, ажил хэргийн түншүүд нь хөндий хүйтэн харьцаж, хамаатнуудынх зарим нь түүнд дургүй байдаг.
Австрали бүсгүйн хахир хатуу ааш нь хүүхэд ба өсвөр насны нь амьдралын хүнд хэцүү нөхцөлөөр тайлбарлагдаж болох юм. Түүний эцгээсээ уламжлан авсан бизнес нь компанийн эзэд, менежерүүдийг Австралийн баруун хэсэгт орших орд газартаа байнга байж ажиллахыг шаарддаг. Цах агаарын тааламжгүй нөхцөл, хүдрийн уурхайд ажилладаг тааламжгүй хамт олны уур амьсгал, харьцаа Жин Райнхартыг дэлхийн бизнесийн “Төмөр хатагтай” болгосон.
Райнхартыг бүр жинхэнэ “Self-made woman” гэж нэрлэж болохгүй. Түүний эцэг Австрали даяар алдартай үйлдвэрийн эзэн Лэнг Хэнкок, охин нь түүнээс компаниа үе залгамжлан авсан төдийгүй, удмын зөрүүд ааш, эд баялагын гадаад шинжийг үл тоомсорлох сэхүүн зан, хуучинсаг үзлийг нь удамшин авчээ. Хэнк эхлээд баруун Австралийн Пилбарын элсэн цөлд цэнхэр шөрөмсөн чулуу олборлож байсан бөгөөд 1952 онд тэр газартаа тохиолдлоор тухайн үедээ л хамгийн томд орох төмрийн хүдрийн орд илрүүлжээ. Энэ бүхэн Хэнкокын өөрийн хэлснээр тэр үед ажил хэргийн шаардлагаар жижиг онгоцоор нисч явсан ба их үүлэрхэг байсан тул Тернер голоор баримжаа авахаар бүр доошлов. Тэгээд голын эргийн хадан хясанууд тэр аяараа хамгийн сайн чанарын төмрийн хүдрээр хучигдсан байхыг олж харжээ. Чулуулаг нь газрын гадаргад бараг ил байсан тул уул уурхайн үнэт техник хэрэглэлгүй хүрз жоотуугаар малтаж болохоор байв.
Тэр олдвор нь явган салхи тэнүүчилсэн Пилбарын элсэн цөл Австралийн эдийн засгийн чухал бүс нутгийн нэг болж Хэнкок тус тивийн хамгийн баян хүмүүсийн нэг болов. Хашир магнат тухайн үед, тун удахгүй түүнийг бараг л арьсны үзэлтэн шиг үзэн ядаж “Hancock Prospecting” компанийг эрт дээр үеэс Пилбартад оршин сууж байсан нутгийн уугуул иргэдийг дүрвээсэн хэрэгт буруутгана гэж санасангүй.
Хэнкокт эд баялаг хувийн аз жаргал авчирсангүй. 1983 онд ганц охины нь ээж хайртай эхнэр нь нас баржээ. Хоуп бол Хэнкокийн мөнгөнд биш өөрт нь дурласан эмэгтэй байлаа. Тэр элэн элтлээ нөхрийнхөө ажил хэрэг тэмүүллийг хуваалцаж эгэл бор амьдралаар хүлцэнгүй амьдарч алслагдсан орд газарт жижигхэн вагончикт амьдарч байлаа.
Магнатын эхнэрээ дурссан гуниг удаан үргэлжилсэнгүй. Хоупыг нас бармагц 70 настай хууч өвчтэй түүний гэрт шаламгай гэгчийн Филлипин эмэгтэй Роза Поршиос гэрийн үйлчлэгчээр ажиллаж байгаад хоёр жилийн дараа шинэ эзэгтэй Хэнкок болов. Охин Жин үүнийг эсэргүүцэж залуухан хойд эх нь зөвхөн мөнгө хөрөнгө, нийгмийн байр сууринд нь болж байна, өөр ямар ч хайр сэтгэл зорилго байхгүй гэж эцэгтээ цөхрөнгөө бартал тайлбарлана. Гэвч эцгийнхээ хайрыг татах тулаанд Жин бүрэн ялагдав.

(Лэнг Хэнкок Роза Поршиос хоёр)
Лэнг Филиппин эмэгтэйтэй гэрлэсэн төдийгүй охиноо бизнесийн үйл ажиллагааны удирдлагаас зайлуулав. Жин эцгийгээ нас барсны дараа л компанийн удирдлагыг гартаа авч хөгжүүлэх шинэчлэхэд нөр их хүч зарцуулжээ. Райнхарттай хамт ажилагсадын үгээр бол эцгийн шархлуулсан сэтгэлийн шарх одоо болтол эдгээгүй гэнэ. Жин аман дээрээ аавыгаа хүндэлж түүний нэр төрийг мөнхжүүлэхийн тулд бүхнийг хийж байна. Бүр Пилбарын цөл дэх оргилуудын нэгийг Хэнкокын нэрээр нэрлэх хуулийн төсөл санаачлан оруулжээ. Харин ажил хэрэг дээрээ түний бүх үйл ажиллагаа үхсэн эцгээсээ дутахгүй компанийг удирдаж байна.

Жинийн зөрүүд содон зан чанар түүнийг “Hancock Prospecting”-ийн захирлаар орсон өдрөөс нь эхлэн илэрч эхлэв. Тэр хамтарч ажиллан, инээмсэглэн найз нөхдөө татахын оронд яг эцэг шигээ шийдвэрийг ганцаараа гаргаж, гэрээ хэлцэл дээр яс загнан, бүдүүлэг авир, үг хэллэгээс ичиж зовохгүй хэрэглэж, өөртэйгөө маргахыг үл тэвчин маргасан ажилтнуудаа шууд халдаг байв. Тэр эцэст нь хойт эхийгээ эцгийг нь мэхлэн гэрлэсэн, түүний үхлийг түргэтгэсэн, үхсэнээс хойш эд хөрөнгийг нь үрэн таран хийсэн гэж шүүхэд өгчээ. Австраличууд бараг 15 жилийн турш ямар ч савангийн дууриас дутахгүй хэрүүл шуугиантай шүүх хуралдааныг ажиглан сонирхож байлаа. Хойт эхийнхээ эцгийг нь алсан гэдгийг нотлуулахын тулд Райнхарт эцэг Хэнкокийн булшинд задлан шинжилгээ хийхийг шаардаж байсан бөгөөд эцэст нь заргаа авчээ.
2005 онд шүүх Филиппин эмэгтэйг дагавар охиндоо 12.5 сая ам.доллар төлөх шийдвэр гаргажээ. Сүүлийн үед Хэнкок эзэгтэй асан маань олны дунд үзэгдэхгүй тансаг үдэшлэг цэнгээнд оролцохгүй зожигдуухан амьдарч байна. Райнхарт түүний баялагт шунасан халдсан хүн бүхнийг хайр найргүй мөрдөн мөшгиж байлаа. Тэр өөрийн эцгийн найз Питер Райтын өв залгамжлагчидтай Пилбарын ордын нэг хэсгийг булаацалдан тэмцэв. Харамсалтай нь “төмөр хатагтайн” хувьд уг хөрөнгийг гартаа оруулж чадсангүй. Харин мөнгөний төлөө дайны сүхээ газар булахаас сийхгүй гэдгээ нотлов. Ойрмогхон Райнхарт талийгаач Райтын өв залгамжлагчидтай хамтран “Rio Tinto”-ийн олборлогч компанийн эсрэг зарга мэдүүлэн 136 сая ам.долларыг дутуу төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргав. Өнөөдөр Пилбарын цөлд Райнхартын орд газарт малталт хийж байгаа “Rio Tinto”-гийн салбар компани “Hamersley Iron” жил бүр олборлолт хийж худалдсан хүдрийнхээ 1.25% буюу 170 сая ам.доллар төлдөг юм. Гэвч ашигт малтмалын үнийн өсөлтөөс шалтгаалан төлбөрийн хэмжээ Австралийн хамгийн баян эмэгтэйн сэтгэлд таарахаа больж тэр төлбөрөө нэмэгдүүлэхийг шаардах болжээ.
Тэр төр засагтаа ч гэсэн ширүүн хүйтэн харьцдаг байв. Тэр аав шигээ эрс тэс консерватор үзэлтэй социалистуудыг үзэн ядаж, асар их хөрөнгөтэй хувийн өмчийн манаанд зогсож байдаг. Тийм учраас Австралийн засгийн газар ашигт малтмалын олборлолтын татварыг нэмэх оролдлого хийжээ. Харин Райнхарт хэвлэл мэдээллээр “эерэг” ажиллагаа зохион байгуулаад зогсохгүй, ерөнхий сайдын ажил дээр нь өөрийн биеэр очиж өрөөнд нь чанга яригч барин орж “Axe the tax” (татвараа тана) гэж уриалан хашгичиж байжээ.
Австралийн хамгийн баян эмэгтэй маань өөрийн төлөө ажилладаг хүмүүст ч иймэрхүү маягаар ханддаг байна. Ажилтан албан хаагчид нь нь түүний тухай шүд зуун “Bloody workaholic” гэж нэрлэдэг аж. Харин Райнхарт ажиллагсадаа анхиагүй залхуу, үргэлж нүд алдалгүй хянаж байхгүй бол гэж голох хандлагатай сав л хийвэл цалин хөлсийг нь хасахыг эрмэлздэг. Тэр албан газартаа өглөөнөөс орой болтол сууж, хэзээ ч амралт авч байгаагүй бөгөөд, шөнө орой болсон хойно ч хамаагүй ажилтнууддаа ямар нэг даалгавар өгч шуурхай гүйцэтгэхийг шаардсан е-mail илгээдэг. Ийм болохоор эргэн тойронд нь шинэ шинэ дайснууд үргэлж нэмэгдэж байдаг. Амь насаа хамгаалах зорилгоор “төмөр хатагтай” ажлын байр сууцныхаа цонхыг, автомашинаа хуяглахыг шаардаж, хэд хэдэн бие хамгаалагч хөлсөлдөг байна.

(Жин Райнхарт охины хамт)
Хэдийгээр түүний ажил үйлс өөдрөг урагштай явж байгаа ч шүүмжлэгчид компанийн үйл ажиллагаа зөвхөн түүний хувийн зан чанарын нөлөөн доор, түүний нэвтлэх чадварын ачаар яваад байж болохгүй гэж Жинийг шүүмжилдэг юм. Магадгүй үүнээс шалтгаалсан ч юм уу Райнхарт сүүлийн үед бизнесийн ажлынхаа ихэнх хэсгийг охин Бьянкадаа хариуцуулан өв залгамжлагчаа бэлдэж сууна. Охин нь харин хатуу догшин эхийнхээ далавчин доор арай “аядуу” удирдлагын арга барилыг мөрдөж ажиллаж “сайн цагдаагийн” үүргийг амжилттай хэрэгжүүлж байна. Гэхдээ “Hancock Prospecting” компанитай уялдаатай ажилладаг бизнесийн хүрээнийхэн гол шийдвэрүүдийг “төмөр хатагтай” бие даан ганцаараа гаргадаг гэдгийг сайн мэднэ.
0 comments:
Post a Comment